Аавын омогшил

Thursday, July 15, 2010

Өчигдөр манай лагерьт гэнэт айхтар хүчтэй салхилаж, аянга цахилгаантай бороо орлоо л доо. Бид сандарч хамаг цонх хаалгаа хааж, юм хумаа хамж аваад гэртээ орлоо. Харин 2 настай бага хүү маань хажуу айлд тоглож байсан юм. Хүчтэй салхины дараа томоос том мөндөр орж газар тэр чигээрээ цас орсон мэт болсны дараа үргэлжлүүлээд аймаар хүчтэй бороо асгарлаа.

Эхнэр бид 2 хүү маань айлд айж байгаа байх гээд би авхаар гүйж орлоо. Хүүгээ хөнжилд ороогоод, зоонтогон доор тэврээд ширүүн салхи, хүчтэй бороон дундуур ус туулан гүйж авч орж ирэхэд би шалба норсон байлаа. Харин хүү маань нэг ч дусал бороонд нороогүй бага зэрэг гайхсан маягтай орж ирсэн юм.

Тэгээд надад НЭГЭН ЗҮЙЛ БОДОГДСОН юм. Ертөнцийн Эзэн бол бидний Аав. Тэр өөрийн хүүг ямар нэгэн аюулаас хамгаалахдаа үнэхээр ихээр омогшдог юм байна гэж. Саад бэрхшээл, хүнд хэцүү дундуур, тохиолдож болох айдас хүйдэс, муу бүхнээс хүүгээ хамгаалж гаргасны дараа тэр ямар ихээр омогшдог болоо. Тэр намайг хамгаалж хаацайлж чадсандаа ямар их баярладаг бол. Түүний хувьд намайг хүүгээ хамгаална хаацайлна гэдэг ямар сайхан болохыг би ойлгосон юм. Би тэр Мөнхийн Аавдаа итгэж байна. Надад хайртайд нь, намайг хамгаалж, амжилтад хүргэх сайн замаар дагуулна гэдэгт нь би ИТГЭЖ БАЙНА.

Тэр үргэлж надад найдвар бэлэглэгч, дэмжин урамшуулагч Аав маань юмаа.


0 comments:

 
HOPE - by Templates para novo blogger